Цагийн зүү өглөөний 8 цагийг заахтай уралдан болзоондоо яарсан Монголчууд тамирын танхимд цугларч эхэллээ. Энэ бол Чех улс дахь Монголчуудын Хаврын баяр, спортын арга хэмжээ эхлэх өдөр байлаа. Чех улсын 21 хот, суурин газраас ажилчид, оюутан, сурагч, суугуул оршин суугчдын төлөөлөл болсон Монголчууд гар бөмбөг, сагсан бөмбөг, одон бөмбөг, шатарын спортын аваргуудаа шалгаруулахаар ээлжит тэмцээндээ ирцгээжээ.
Энэхүү уралдаан тэмцээнийг Чехийн нийслэл Прага хот дахь Монгол улсын Элчин Сайдын ивээл доор зохион байгуулдаг бөгөөд Монгол улсаас Чех улсад суугаа Элчин Сайд өөрийн биеэр тэмцээний 2 дах өдөр хүрэлцэн ирж сонирхжээ.
Тэмцээний эргэн тойронд маш олон сонирхолтой зүйл тохиолдсоны заримаас дурьдвал, эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд спортын зэрэг цолтой, ахимаг насны баг тамирчид ногт ганзаглаж ирээд хоосон буцсан, худалдаа, үйлчилгээний цэгт Чех үндэсний шар айрагтай зэрэгцэн Монгол бууз, хуушуур зарагдсан, Сар шинийн баяраар золгон уулзаж амжаагүй ахан дүүс уламжлал ёсоо дээдлэн золгуут, мэндээ тавьсан гээд олон сонин содон зүйлсээр дүүрэн Хаврын баяр 2008 оны 03-р сарын 22-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
1 comment:
Сайн байцгаана уу, БНЧУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд зохиогддог Хаврын баяр бол маш олон жилийн уламжлалтай. Анх 1990-ээд оноос Монголын анд нөхдийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулдаг байсан энэ тэмцээнийг 2005 оноос МУ-ын ЭСЯ ивээлдээ авч, энэ улсад амьдарч буй бизнесмэн, олон нийтийн байгууллагууд болон санаа тавьж зохион байгуулдаг хүмүүсийн тус дэмээр зохиогддог гэдгийг тэмдэглүүштэй бус уу.
Post a Comment