Энэхүү цахим хуудсыг Чехийн холбооны улсын Злын хот дах монголчуудын талаарх мэдээ, мэдээллийг нийтлэхээр үүсгэн байгуулав

Monday, 28 April 2008

Кёкүшюүзан ЯПОН РУУ 20-иод мянган АЖИЛЧИН гаргана

www.news.mn

-Мод тарих буяны ажилд оролцож байгаа хүмүүс ихэвчлэн таны найзууд байгаа бололтой?
-Японы парламентын гишүүд, найзууд маань ирж, Монголд мод тарья гэсэн юм. Монголоос Япон руу элсний нүүдэл болж байгаа гэдэгт японууд санаа их зовдог л доо. Элсний нүүдлээс хамгаалахын тулд Япондоо мод тариад нэмэргүй, энэ бүхний эх үндсийг нь тавьж байгаа . Монголд мод цөөнтэй учир тарих хэрэгтэй юм байна гэж үзэн, зорьж иржээ. Парламентын арав гаруй гишүүн ирсэн байгаа. Японоос Монголд суугаа Элчин сайд Ясүёши Ичихаши оролцож байна.

-Та зодог тайлснаасаа хойш Монголдоо амьдрахаар ирсэн. Гэсэн ч Япон руу үе үе гүйгээд байгаа сурагтай. Ямар ажил амжуулаад явна вэ?
-Монголоос Япон руу ажилчид гаргах тухай хэлэлцээр хийгээд Япон руу гүйдэлтэй, завгүй л байна. Монголчууд Солонгос руу явдаг байсан бол одоо Япон руу явах үүд хаалга нь нээгдэх болов уу гэж найдаж байна. Би өөрөө энэ ажлын гол гүүр нь болохоор хэлэлцээрээ эхлээд байгаа.

-Энэ чинь харин манай залуучуудын хувьд сонсоход таатай мэдээ байна?
-Монголоос 10-20-иод мянган ажилчин гаргах тухай ярьж байна. Би зодог тайлаад удаагүй ч их завтай байгаа. Тиймээс залуучуудынхаа төлөө энэ сайхан буяны ажлыг бие дааж хийе гэж бодож байгаа. Би өөрөө Япон руу явж, хотын дарга нартай уулзаж, хэлэлцээр хийж байна. Зөвхөн ажилчин ч биш, сурагч, оюутнууд гаргах талаар ч хөндөж буй. "Кёкүшюүзан хөгжил" сангийнхаа шугамаар энэ ажлыг хийнэ дээ.

Хамгийн сүүлд саяхан арваад хоногийн өмнө Японд очоод ирлээ. Хэд хэдэн хотын даргатай уулзлаа.

-Аль хотод, ямар салбарт түлхүү ажилчин авах бол?
-Олон хотын даргатай уулзсан. Японы Саятама, Чиба, Токио зэрэг хотод ажилчин авах хүсэлтэй байгаа юм билээ. Хотууд манай сантай хамтарч ажиллая гэсэн.

Токио, Саятама, Чиба хотын дарга нар Монголд өмнө нь ирж байгаа-гүй. Монголыг өөрсдөө ирж үзье гэсний дагуу ирэх зургадугаар сард авчирна. Тэр үед нь энд гэрээнд гарын үсэг зуръя гэсэн.

Ялангуяа Саятама хотын дарга Йеда Кёши их дэмжиж байгаа. Саятама бол Токиогийн хажууханд байдаг хот. Долоон сая хүнтэй. Газар тариалан эрхэлдэг. Чиба хот загасны болон мал аж ахуйн, ферм олонтой газар. Тэнд хятад ажилчид олон байдаг юм билээ. Хэрэгт төвөгт их орооцолдоод байна. Тиймээс хятад ажилчдын тоог багасгаж; Монголоос ажилчин авъя гэсэн.

Токио хотын даргатай бид бас уулзсан. Токиод намайг дахиж ирэхийг урьсан байгаа.

-Солонгост ажилчин гаргахад олон шаардлага, шалгуур тавьдаг. Япон ч гэсэн адилхан байх болов уу?
-Мэдээж, шалгаруулалт явагдана. Энэ бүхнийг хэлэлцээрээрээ тохиролцож, гэрээндээ тусгах юм.

Одоохондоо ярьж байгаа болохоор урьдчилан хэлэх боломжгүй.

Залуучууд маань Солонгос руу ажил хийхээр гарах гэж өдөр, шөнөгүй дугаарлаж байна. Олон ч хүн Солонгост ажиллаж байна. Гэхдээ Японд ажиллах нь давуу тал ихтэй. Солонгост ажиллахад сард нэг, хамгийн ихдээ хоёр мянган доллар авдаг бол Японд сард тав, зургаан мянган долларын цалин авна. Тэр хэрээр зөвхөн тэнд ажил хийж байгаа нэг хүний биш, ард нь үлдсэн, энд амьдарч буй маш олон хүний амьдрал дээшилж байдаг.

Би Японд олон жил байсны хувьд амьдрал ахуйг нь мэднэ. Эх нутагтаа ирээд монголчуудынхаа амьдралыг мэдэрч байна. Бидний энэ ажлыг Япон Улсын Засгийн газар дэмжиж байгаа.

-Одоогоор Японд Монголоос хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Монголоос Японд 400-500 хүн ажиллаж байгаа гэсэн тооцоо бий. Гэхдээ албан ёсоор ажилчин гаргах гэж байгаа газар бол манайх. Японд сурч байхдаа ажиллаж байсан, эсвэл сургуулиа төгсөөд тэндээ үлдээд ажиллаж байгаа, Тоёотагийн үйлдвэрт ажилладаг хүмүүс бий. Ихэнх нь хараар ажилладаг нь нууц биш. Энэ бүгдийг албан ёсных болгох гэж л зүтгэж байна.

Хараар ажиллаж байгаа хүмүүст эрүүл мэнд, эмнэлгийн, даатгалын гээд янз бүрийн л хэцүү асуудал тулгардаг шүү дээ. Энэ бүгдийг таслан зогсооё. Энэ утгаараа Японы Засгийн газраас энэ асуудалд анхаарч харж үзэж байгаа. Кёкүшюүзан барилдахгүй, завтай байгаа. Тийм учраас өөрөөр нь дамжуулж буяны ажил хийе гэсэн юм. Намайг дэмжиж байсан олон хотын дарга, найз нөхөд маань нэгдэж, хөдөлж эхэлж байгаад би их баяртай байна.

No comments: