Чехийн холбооны улсын Злын хот дах Монголчуудын бүлгэм

Энэхүү цахим хуудсыг Чехийн холбооны улсын Злын хот дах монголчуудын талаарх мэдээ, мэдээллийг нийтлэхээр үүсгэн байгуулав

Tuesday, 22 June 2010

Чех улсад ажиллагсад тэтгэвэр авах боломжтой болно

Өнөөдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улсын хооронд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэглэхийг зөвшөөрлөө.

Чех улсад Монгол улсаас 13500 орчим иргэн ажиллаж амьдардаг байсан ба эдийн засгийн хямралаас болж гадаадын иргэдийг нутагт нь буцаахдаа 500 евро олгож гаргасан билээ. Одоогын байдлаар тус улсад 10000 орчим монгол иргэн ажиллаж байгаа юм байгаа бөгөөд үүний 50 хувь нь хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна.

Энэхүү хэлэлцээр батлагдсанаар Монгол улсын иргэд Чех улсад оршин суух хугацаандаа Тэтгэвэрийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцаад эргүүлэн авах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: www.news.mn

Thursday, 13 August 2009

Злин хотын волейболын аварга шалгаруулах цомын төлөө II тэмцээн

Тэмцээн явагдах хугацаа, байршил
Энэхүү волейболын тэмцээн нь Злин ба түүний харьяанд хамаарагдах газруудад амьдарч байгаа Mонголчуудын дунд зохион явагдах болно. Тэмцээн “Cizinecke policie ”- iin өмнө орших сургуулийн спорт зааланд 2009 оны 9 дүгээр сар 26 –ны Бямба гаригт өглөөний 900 цагт эхэлнэ.


Багийн бүрэлдэхүүн

Тэмцээн эрэгтэй болон эмэгтэй багуудын дунд явагдана.

1 багт 6-7 тамирчин байх ба ижил хувцсаар жигдэрсэн байна.

Баг бүр ахлагчтай, өөрсдийн нэртэй байна.


Шагнал урамшуулал

Эр, эм баг тус бүрт 1-3 байр шалгаруулна.

I БАЙР.
“ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
II БАЙР.
Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
III БАЙР.
Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Жич: Энэ жилийн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахаар бэлдэж байна. Тэмцээнд оролцох багууд 09-р сарын 19 ны Бямба гаригийн 13 цагт Төв талбай дээр ирж техникийн зөвлөгөөнд оролцоно уу? /Ирэхдээ багийн мэдүүлэг болон 1000 k
č-oo авчирна уу?

Мэдүүлэгийн маягтыг Дэлгэрдалайгаас /606378808 - O2 / авна уу?



Зохион байгуулах комисс

Tuesday, 22 July 2008

Мужийн төвийн байрладаг 21-р байшингаас хотоо дурандлаа






























А.Очирбат: Лодойдамба гуайд хэн гар хүрч зүрхлэх билээ

Эх сурвалж: www.mongolnews.mn

Багадаа хонь голдуу хариулдаг байсан. Мэдээж эр хүн шүү юм болохоор адуу сонирхож, морь уургална аа. Морины толгой олохдоо сайн ч, бяр муутай болохоор морь зүтгэнгүүт л уургаа зүүгээд алдчихдаг байсан. Харин бага насандаа эмнэг булгиулахдаа унана гэж байдаггүй байлаа. Жижиг биетэй хүн тэнцвэр сайтайдаа тэр юм билээ…

…Чимэд-Осор гуайд жүжигчин хүнд байвал зохих бүх шинж чанар цогцлон бүрдсэн байсан юм. Түүний хэл, дуу хоолой, бие бялдрын уян хатан байдал, уран сэтгэмж, гүн сэтгэц, хошин шог аяс, амьдралын өргөн мэдлэг, амьдралыг гярхай ажиглаж, түүнийгээ уран бүтээлдээ шүүн тунгааж хэрэгжүүлэх чадвар гэхчлэн энэ бүхний цогцолбор байлаа…

Энэ бол ардын жүжигчин, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт А.Очирбат гуайн бичсэн “Зөвхөн миний эргэцүүлэл буюу солиорол” номын мөрүүд юм.
“Итгэлт баян” ном бичсэн сургаар түүнийг зорьж очсон юм. Бүтээлийнх нь эргэн тойронд болон бусад зүйлсийн талаар ийн ярилцлаа.

-Та номоо яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Жүжигчний мэргэжлийн нарийн ширийний талаар өөрийнхөөрөө бодож, дүгнэж явдгаа бичсэн юм. Урлаг судлаач, шүүмжлэгч ч биш, бас айхтар мэдэх ч биш болохоор ингэсхийж нэрлэхэд болно гэж бодсон л доо.

-Тань шиг хүн Монголын драмын урлаг, түүний хөгжилд үнэлгээ дүгнэлт өгөх эрхтэй гэж бодож байна?
-Ажиллаж зүтгэсэн хугацаа, хөдөлмөрөө бодоход тийм байж болох талтай ч аливаад учир бий. Айхтар дураараа аашилж болохгүй шүү дээ. Ганц, нэгээр тогтохгүй хүн “Та ном гаргахгүй юм уу. Намтар, дурсамжаас авахуулаад хэлэх, үлдээх зүйл бишгүй л байгаа шүү дээ” гээд байдаг болсон л доо. Гомбосүрэн гуай, Дамчаа, Жамсранжав гээд хэд хэдэн жүжигчин ном гаргасан байна лээ. Заримыг нь үзээд хэрвээ ном бичих болбол арай өөрөөр хийх нь зүгээр юм байна гэж бодсон. Юу гэх юм бэ дээ, хойч үеийнхэн эргүүлж тойруулж суухад арай өгөөжтэй байх талд анхаарах ёстой юм байна гэж ойлгосон. Тэгээд л зургаан аравны турш драмын урлагийн тогоонд чанагдахдаа олж харснаа, ойлгож мэдсэнээ бичиж солиорсон юм.

-Та өөрийгөө солиорсон л гэх юм?
-Би юуг юу гэж үзэж байгаагаа өөрийнхөөрөө бичсэн. Тэр нь зарим хүнд таалагдаж болох, үгүй ч байж болох. Бүр дургүй нь хүрэх ч юм билүү. Мэргэжлийн судлаач биш байж, драмын урлагт шүүмжлэлтэй хандлаа гэх хүн ч гарч мэднэ шүү дээ. Магадгүй зарим нэг нь “Намайг хэт магтсан байна, яаж байгаа юм” гэх ч юм билүү. Тиймээс би өөрийнхөө сараачсаныг солиорол гэж нэрлсэн юм.

-Нэг ёсондоо буруу зөрүү зүйл байвал цайруулж ойлгох боломжтой гэж үү?
-Хүн яаж хүлээж авна, тэр чигтээ л ойлгоно биз дээ. Би өөрийнхөө намтрыг голчилж бичихийг хүсээгүй. Гол нь драмын жүжиг, жүжигчин, дүр бүтээх тухайд эргэлдсэн байгаа. Би яах вэ дээ, өндөр настай хүн яваад л өгнө. Улсын урлагт надаас ганц ч гэсэн санаа үлдэж байвал хэрэгтэй юм уу л гэж бодсон юм. Чи надаас номонд чинь юун тухай байгаа юм гэж нэг их битгий асуугаарай.

-Яагаад?
-Ном сонирхолгүй болчихно. Хүссэн хүн нь номноос өөрөө уншвал зүгээр шүү дээ.

-Та сурталчилгаа айхтар хийж байна шүү. Энэ “Итгэлт баян”-ы ухаан уу?
-Түрүүлээд бүгдийг нь хэлээд өгчихвөл амтгүй болчихно биз дээ. Би өөрийнхөө тухай гэхээс илүү бусдын тухай түлхүү дурссан даа. Театрын “Алтан үеийнхэн”-ээс цөөн хүний тухай бичсэн. Цагааны Цэгмэд багш, Чимэд-Осор гуай, Ванган гуай гэхчлэн. Бас жүжигчин, олон уран бүтээлд надтай хамтарсан Цолмон гэж эмэгтэй, бас Дашхүү, Жанчивдорж гэсэн тоотой хэдэн хүний тухай юу гэж бодож, дүгнэж явдгаа хэлсэн.

-Цагааны Цэгмэд гуай таны багш уу?
-Тийм. Надад гурван жил багшилж жүжигчин болгосон доо. Багшийгаа би Монголд байтугай соёлт хүн төрөлхтөнд ховор уран бүтээлч гэж бодож явдаг юм.

-Та хурганы бэлчээрээс ирж жүжигчин болсон гэж өөрийнхөө тухай ярьж байсан. Малын бэлчээрээс хэн таныг авчраа вэ?
-Энэ тухай номноос уншаарай.

-Хөөх, та чинь нэг үг алдахгүй юм аа. Та реклам сурталчилгааны агентлаг байгуулбал нэлээд амжилт олмоор санагдлаа?
-Өдий насанд ном бичих тийм амар гэж бодож байна уу. Ухаан санаа гарч ороод байгаа ч юм шиг, мартаж санаад л. Бодож байгаагаа санаандаа хүрэхгүйгээр илэрхийлчихээрээ бухимдана. Дахиж бичээд л, ер нь яаж байж энэ жижигхэн номыг дуусгасан гэж бодож байна.

-Овсгоотой юм аа гэж бодоод л тэгээд хэлчихлээ, эвгүй санагдсан бол уучлаарай?
-Зүгээр ээ, хүү минь. Уншсан хүмүүс урмын үг хэлж байна лээ. Намар сургууль цуглахад надаар лекц уншуулъя гэж нэг сургууль захиалга өглөө. Ажил, амьдрал ингэж л өрнөдөг дөө.

-Таныхаар авьяас хүн бүрт байдаг, гагцхүү түүнийг нээж чаддаг эсэхээс тухайн хүн авьяастай, үгүйг тодорхойлно гэвэл?
-Хүн бүрийн тухайд хэлж мэдэхгүй байна. Харин уран бүтээлчдийн тухайд бол хэлж болно шүү. Унаган авьяас гэж байна. Тэр бол хүнтэйгээ цуг төрдөг. Ийм байгалиас авьяастайгаа төрсөн дуучид, жүжигчид цөөнгүй байдаг. Олдмол авьяас гэж байх юм. Урлагт жигтэйхэн сонирхолтой хэрнэ унаган авьяастнууд шиг бэлэн зэлэн биш уран бүтээлчид байдаг. Тийм хүмүүс урлагт дуртай болохоор салдаггүй, энэ салбартаа ажилласаар л байдаг. Ийм хүмүүсийг мэргэшүүлж өгдөг нь урлагийн сургуулиуд. Дуу, бүжгийн тухайд сонгодог хэлбэрээр хөгжүүлээд гаргаад ирдэг. Харин драмын жүжгийн хувьд хэцүү. Энэ төрөлд бол хүнтэйгээ цуг төрсөн авьяастай нь үзэгчдийн сэтгэлд хүртэл дүр бүтээмтгий байх юм.

-Та жишээ хэлээч?
-Багшийн тоглосон, өнөөх “Сэрэлт” киноны Сүрэнгийн аавыг хэн гэдэг билээ дээ. Кино биш юм шиг, яг л амьдралд тийм үйл явдал болоод өнгөрсөн юм шиг санагдахаар дүр бүтээсэн байдаг шүү. Өөрөөр хэлбэл, дүр бүтээх арга ажиллагаа нь өөр байсан гэсэн үг. Ингэж дүрийг тоглож биш, амьдарч бүтээх арга барил 1980, 1990-ээд оноос хойшхи тайз, дэлгэцийн бүтээлүүдэд харагдах нь ховор болчихлоо. Олдмол авьяастай, сургуулиар хөгжүүлсэн жүжигчид байна аа, сайн нь ч байна. Гэхдээ л унаган авьяастай хүмүүсийг олж илрүүлэх, цөхрөлтгүй хайх ажлыг таслахгүйсэн гэж боддог. “Тунгалаг Тамир”-ын цахиур Төмөрт зүгээр л нягтлан хүн тоглосон юм шүү дээ. Түүнийг Налайхаас Догоо олж ирсэн юм. Дүрийг сайхан бүтээсэн. Цахиур Төмөр гэж нээрэн л иймэрхүү хүн байсан юм байх даа гэсэн ойлголт төрөхөөр. Бас дууг нь Дагийранз сайн оруулсантай холбоотой л доо. Ер нь дүр бол үзэгчдийн тархи хавьд биш, зүрхэнд хүрч байвал сайн болсных гэж хэлж болох юм. За даа, би ч бүр гарч өглөө дөө. Ярьж гарч байх чинь.

-Яагаад болохгүй гэж. Монголын драмын урлагийн хөгжлийн төлөө үг хэлэх, үнэлгээ дүгнэлт өгөх эрх танд бий гэж бодож байна?
-Хүн бүр ингэж бодохгүй бол яана. Би буруутан болно шүү дээ.

-Та үнэнийг хэлснийхээ төлөө буруутан болохоос айгаад байгаа юм уу?
-Айгаа ч үгүй ээ. Тэгвэл ярьж эхэлснээ дуусгачихъя. Баримтат дүр бүтээх гэж айхтар чухал зүйл байдаг юм, онцгой хариуцлагатай. Жанжин Сүхбаатараас авахуулаад түүхэн хүмүүсийн дүрийг манай уран бүтээлчид өөр өөрсдийнхөөрөө сайхан гаргасаар ирсэн. Чингүнжав, манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав гээд бид мэднэ. Гэтэл бас дүр сонголтын алдаанаас болоод хичээл зүтгэл гаргаж хийсэн бүтээл мөнхрөх нь байтугай, амьдраагүй нь ч мэр сэр байдаг. Гаднах төрхөөрөө түүхэн хүмүүстэй адил төстэйг нь гол шалгуур болгоод жүжигчин биш хүмүүсийг тоглуулчихаар буруудах нь элбэг. Ийм шалтгаанаар их сайн сэдэв баларвал хайран юм. Баримтат дүрд жүжигчин сайн тогловол тэр дүрийг дагаад бүтээл тэр чигтээ өргөгдөөд ирдэг.

-Энэ тухайд жишээ дурдаач, та?
-Энэ яриад байгаа бүхний тухай би номондоо бичсэн л дээ. Сүүлийн хэлсний тухайд бол жүжигчин Сувдыг онцлоход болно. Түүнгүй бол “Мандухай сэцэн”-ийг “Яасан гоё кино вэ” гэх байсан болов уу даа. Би ер нь нэг иймэрхүүгээр солиорсон юм аа.

-Жанжин Сүхбаатарын дүрийг орос жүжигчин бүтээсэн байдаг. Түүнийг хүн бүр таалдаггүй?
-Гэхдээ л зөвшөөрдөг шүү дээ.

-Зөвшөөрөх л хангалттай гэж үү?
-Голованин гэж жүжигчин Сталины дүрд олон удаа тоглосон. Анх дэлгэцэнд гарахад нь Сталин харчихаад “Би ийм гоё юм уу” гээд араас нь, “Бас ийм тэнэг юм уу” гэсэн гэж байгаа. Баримтат дүр хариуцлагатай болохыг тодотгосон бас нэг айхтар жишээ бий л дээ. Каюров гэж орос Лениний дүрд тоглох гээд манайд иржээ. Кино үйлдвэрийнхэн харуулын цэрэгт тоглох цэргийг хэдийнэ хувцаслаж бэлтгээд зогсоочихсон байж л дээ. Тэгэхэд нь мань хүн орж ирэнгүүт түүнийг хармагцаа “Энэ цэрэгт тоглож буй хүн жүжигчин биз” гэж асуужээ. Жирийн л цэрэг гэдгийг хэлтэл, заавал жүжигчин байх ёстой гэж шаардсан гэдэг. Түүхэн баримтат дүрийг гаргахад гол дүрд сайн жүжигчин тоглохоос гадна туслах дүрүүд ч гэсэн мэргэжлийн байх ёстой гэж үздэг байна л даа. Тэгэхгүй бол тэр цаг үе, орчин “амьд” болж өгдөггүй байна. Тийм байна даа хүү минь. Драмын жүжигчид гэдэг дүр бүтээх л ажилтай хүмүүс тул түүнийгээ сайн л хийх ёстой.

-Тантай уулзвал асуухсан гэж бодоод л байдаг байлаа. “Тунгалаг Тамир” кинонд Итгэлт баяны дүрийг бүтээхдээ та зохиолд баригдахгүй, үйл явдлын өрнөл дунд өөрөө сэтгээд яриад явчих үе байсан уу?
-Яалаа гэж. Бүгд зохиолын дагуу байлгүй яах вэ. Лодойдамба гуайд гар хүрдэг тийм бүдүүн зүрхтэй жүжигчин гэж хаа байх вэ.

-Таны тоглож байгааг ч харахад, бусад жүжигчдийг ч харахад “Тунгалаг Тамир” зохиол биш, амьдрал юм шиг харагдаад байдаг юм. Миний л бодол л доо.
-Тэгж л харагддаг бол сайн бүтээл болсон байж таарна.

-Түрүүн дүрийг тоглож биш, амьдарч бүтээх тухай та ярьсан даа. Тэр чанар уг кинонд тоглосон жүжигчдэд байжээ гэж ойлгож болох нь ээ?
-Болох байх.

-Өнөөдөр тийм жүжигчин ховор болоо юу даа?
-Ийм асуудал байгаа бол жүжигчид муу гэсэн үг биш юм, Гол нь жүжгийн сайн зохиол ховор байгаад байгаа юм. Одоо чинь бараг ганц Б.Лхагвасүрэнг л хэдэн талаас нь хэмлэж байна биш үү. Соргодгийн Жаргалсайхан гэж сайн зохиолч байсан өөд болчихсон. Танай Балдорж эрхлэгч яах аргагүй үгүйлэгдэх боллоо, драмын урлагт. “Тунгалаг Тамир”, “Өглөө” кино, “Ээдрээ” жүжиг шиг зохиол байх юм бол тоглох жүжигчид нь байна аа, олон байна. Жүжигчнийг зохиол төрүүлдэг юм. Дуучдыг ч хөгжмийн зохиолчид төрүүлдэг. Жанцанноров, Шарав, Чинзориг нарын сайн хөгжмийн зохиолч байгаагүй бол, тэд мэргэжлийн сайн дуунууд бичээгүй бол дуурийн ари, романсуудаар тэд олны танил болтлоо хэр хугацаа шаардах байсан бол. Ингэд яриад байвал юм нарийн нарийн.

-Таны нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Яах нь вэ. За, нуугаад ч яах юм билээ. Би 1928 онд төрсөн.

-Таны оюун санаа цэлмэг, сайхан, дахиад нэг ном биччих чадал байх шиг байна?
-Ийм үг сонсохоос татгалзах юу байх вэ. Залуус урам хайрлахад хөөрөөд л сууна шүү дээ. Анзаарч байхад заримдаа ч магтах хүнээ өнгөрсөн хойно нь бараг босгоод ирэх нь үү гэлтэй магтах юм даа. Амьдад нь хайрлаж, хүндэлж байх нь яасан юм гэхээр л байдаг шүү.

Чехийн шинэ Элчин сайд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээхээ амлалаа

Эх сурвалж: www.gogo.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вацлав Йилэк итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Монгол, Чехийн харилцаа өндөр түвшинд байгаа. Боловсрол, соёл, худалдаа, байгаль хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй. Ялангуяа худалдааны хамтын ажиллагааг өмнө байсан хэмжээнд сэргээнэ гэж найдаж байна. Чехийн тал хөгжиж буй оронд буцалтгүй тусламж олгодог чиглэлээрээ санаачлага гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Элчин сайд В.Йилэк: “Худалдаа, эдийн засгийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа муугүй байгаа ч боломжит хэмжээнд хүрэхгүй байна. Арван жилийн өмнө Монголд ирэхэд Чехийн автобус нийтийн тээвэрт явдаг байсан нь одоо үгүй болжээ. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээн, түүхэн хэмжээнд хүртэл ажиллана” гээд БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНЧУ-д айлчлахыг урьсныг уламжиллаа. МУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Wednesday, 16 July 2008

Чех руу 5000 ажилчин гаргахаа больжээ

Эх сурвалж: www.news.mn

Өнгөрсөн өвөл нийслэлийн Хөдөлмөрийн бирж 5000 ажилчин гаргана хэмээн мэдээлж байсан. Ийнхүү ажилчин гаргахаар хотын мэр асан Ц.Батбаяр Чехийн элчин сайдтай уулзаж тохиролцсон нь дуулиант мэдээ болоод байсан. Гэвч өнөө маргаашгүй гаргана, оны дараа гаргана, цагаан сар өнгөрөөгөөд бүртгэнэ гэх мэтээр хойшлогдсоор хагас жилийн нүүр үзэж энэ асуудал таг чиг болчихов. Бүртгүүлэх гээд шил даран зогсч байсан иргэд өдгөө чих тавьсаар байгаа учир албаны хүнээс тодрууллаа. Гадаадад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам өгдөг учиртай. Гэвч тус яам зөвшөөрлөө өгөхгүй байгаа ба сайд Н.Дэмбэрэл Чехийн элчин сайдыг урьж авч уулзах үеэрээ “Нийслэлээс ажиллах хүч гаргах боломжгүй” гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн энэ талаар албан ёсны хариуг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид албан ёсоор мэдэгдэх болжээ. Одоогоорямар ч хариу ирээгүй байгаа бөгөөд ер нь Чех руу 5000 ажилчин гаргахаа больсон гэсэн яриа тархаад байна. Энэ нь ажиллах хүчийг Хөдөлмөрийн биржээр дамжуулан гадаад руу гаргахгүй, зөвхөн Гадаадад ажиллах хүч илгээх төвөөр дамжуулна гэсэн төрийн бодлогод уягдсан бололтой.

Friday, 27 June 2008

Чех, Унгарт ажиллаж байсан монгол иргэд даатгалын шимтгэлээ буцаан авах боломжтой болох нь

Мэдээллийн эх сурвалж: news.mymongol.com

Өдрийн сонин, Б.Цэцэгдэлгэр

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын (УНДЕГ) дарга С.Эрдэнэ уржигдар албан ажлаа хү­лээлгэн өгсөн тухайгаа мэдээллээ. Учир нь тэрбээр УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвших гэж байгаа аж.

С.Эрдэнэ дарга УНДЕГ-ыг удирдаж байх хугацаандаа хийж амжуулсан ажлынхаа тайланг тавьж байлаа. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ буцаан авч байгаа. Энэ ажлын явц ямар байна вэ?

-БНСУ-д гэрээгээр ажиллаж, амьдарч байх хугацаандаа тус улсын Үндэсний тэтгэврийн алба (ҮТА)-нд шимт­гэл төлж байсан иргэдийн шимтгэлийн мөнгийг буцаан олгох шийдвэр өнгөрсөн оны тавдугаар сард гарсан. Энэ ажилд манай байгууллага үндэсний зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. ҮТА-аас мэдээлсэн шимтгэл буцаан авах эрхтэй 12363 иргэний тэтгэврийн шимтгэлийн 14 гаруй тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг тэдэнд хүргүүлдэг. Энэ сарын 15-ны байдлаар 2050 хүнд нийт гурван тэрбум төгрөгийг олгоод байна.

-Бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд, мөнгөө хүлээж байгаа хүмүүс бий байх. Тэр хүмүүсийн мөн­гийг хэзээ өгч дуусгах вэ?

-Манайх 200-300 хүний бичиг баримтыг багцлаад ҮТА-нд хүргүүлдэг. Тэр байгууллага нь бичиг баримтыг сарын дотор хянаж, мөнгийг нь явуулах шийдвэр гаргадаг. Одоогийн байдлаар манай байгууллагад 400 шахам хүний бичиг баримт бий. Энэ онд нийт иргэний 60 гаруй хувьд нь мөнгө олгочих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх жил гэхэд дуусгах байх. Иргэдийн бичиг баримт цуглуулахад бэрхшээл их байдаг л даа.

-Тухайлбал?

-Тэтгэврийн шимтгэлээ буцаан авах эрх бүхий иргэдийн 50 гаруй хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Тухайлбал, мөнгө авах хүн Англид байлаа гэхэд Элчин сайдын яамаараа дамжуулан итгэмжлэхээ энд байгаа хамаатан садан руугаа явуулах ёстой. Харин мөнгө нь онлайн банкаар өөрт нь очно. Энэ хооронд цаг хугацаа их зарцуулдаг.

-Мөнгөө авсан хүмүүс Монголд нийгмийн даатгалд хамрагдах ёстой юу?

-ҮТА-нд шимтгэл төлсөн хугацаагаараа Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой. Солонгост ажилласан жилийнхээ хугацаагаар даатгал төлснөөр ажилласан жил нь нэмэгдэнэ гэсэн үг. Солонгост ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа иргэдийн нийт 593.2 сая төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүллээ.

-БНСУ-аас өөр улс оронд ажиллаж, амьдарч байсан иргэд даатгалын мөнгөө буцаан авах боломж бий юу?

-Гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэд тэтгэврийн албанд л шимтгэл төлдөг. Сүүлийн гурван жилд 80 гаруй мянган монгол хүн гадаад улс орнуудад амьдарч байгаа судалгаа бий. Бид АНУ, Англи, ХБНГУ, Чех, Польш, Умард Ирланд зэрэг улсуудын тэтгэвэр, нийгмийн үйлчилгээ хариуцсан байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж эхлээд байна. Тухайлбал, Чех, Унгар улсуудтай хоёр талын Засгийн газар нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл хангагдсан. Ирэх сард гэрээ бараг батлагдах байх. Тэгвэл дээрх орнуудад ажиллаж, амьдарч байсан иргэд шимтгэлийн мөнгөө буцаан авах боломжтой болох юм. Мөн Англи, Ирланд улсын Засгийн газруудтай хамтран ажиллах гэрээний эхлэл та­вигдаад байна.

Saturday, 21 June 2008

Photos

Czech Republic, Praded уулын орой дахь телевизийн цамхагЦамхагаас...
Өглөөний нартай уралдав.(Czech Republic, Zlin city)

Friday, 20 June 2008

АНУ-д ажил эрхлэх визийн холбогдолтой зарим асуулт, хариулт

Бичсэн: Г.Ганболд
Баасан, 2008 06-сарын 20

ЭСЯ-ны ерөнхий консул Г. Ганболд хариулж байна.
Асуулт: АНУ-д ажил эрхлэх боломжтой ямар ямар виз байдаг вэ?

Хариулт: Ажлын виз болон ажиллах зөвшөөрлийг цагаачлалын бус бусад ангилалын виз олгодог журамд хамруулдаг. Гэхдээ гол зорилго нь хөдөлмөр эрхлэхэд оршдог тул оюутан F, дадлагажигч M, солилцооны хөтөлбөрт хамаарагдагч J, төлбөр нь гадаадаас хийгддэг жуулчны В ангиллаас ялгаатай авч үздэг.

Түр хугацаагаар ажиллагсдын визийг гэрээт худалдаачид, хөрөнгө оруулагчдын Е, сувилагчдын Н, онцгой гавъяа, авъяас чадвартай буюу ховор мэргэжлийн хүмүүсийн Н-1, шинэ технологи, компьютерын болон цахилгааны инженерийн Н-1В, үндэстэн дамнасан бизнесийн салбар хооронд шилжигсдийн L-1 гэж ангилдаг.

Удаан хугацаагаар ажилладаг, олон улсын чанартай Е, L-1 ангилалтай холбоотой хууль тогтоомж олон боловч агуулга нь ойролцоо. Түр хугацаагаар ажиллагсдын Н-2 ангиллыг хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын Н-2А буюу бусад салбарт ажиллагсдын Н-2В гэж мөн ангилдаг.

Онцгой гавъяа, авъяас чадвартай хүмүүсийн Н-1 ангилалд урьд нь сувилагчид, тамирчид, жүжигчид багтдаг байсан боловч Конгрессоос 1989 онд баталсан хуулиар мэргэжлийн сувилагчдад шинэ Н-1А ангилал бий болгосноо төдөлгүй Н-1В болгон өөрчилж, бусад мэргэжлийн болон авъяаслаг ажилчдыг хамааруулдаг болсон.

Цагаачлалын 1990, 1991 оны хуулийн нэмэлтээр Н-1В ангиллыг нарийн мэргэжлээр хязгаарлаж, Хөдөлмөрийн нөхцлийн өргөдөл (Labor condition application-LCA)-ийг шаарддаг болгож, нэг жилд шийдвэрлэх өргөдөлд тооны хязгаар тогтоосон.

Онцгой авъяастай гадаадын хүмүүст О, урлагийн тоглолтоор ирэх жүжигчид, тамирчдад Р ангилал тогтоон Н-1В ангиллаас хассан. Эдгээр ангиллын визийн өргөдлийг зөвшөөрөхөөс өмнө холбогдох ажил мэргэжлийн холбоодтой зөвшилцдөг.

Шашны байгууллагын шугамаар ажиллагсдад R-1 ангилал бий болгосон. Эмч нар Н-1В ангилалд хамаарагддаг. Бизнесын чиглэлээр ажиллагсдын цагаачлалын бус визийг олон улсын чанартай бизнес эрхлэгчдийн (E болон L-1), АНУ-ын аливаа бизнест ажиллах хүмүүсийн (O-1, H-1B, чөлөөт худалдаа, H-2B) болон тусгай салбарын үйлдвэрлэлийн гэж гурав ангилдаг.

Асуулт: АНУ-д түр хугацаагаар мөнгөний ажил хийхэд ямар ангиллын виз мэдүүлэх вэ?


Хариулт:
Аливаа ажил, албан тушаалын болзол шаардлагыг гагцхүү АНУ-ын иргэд хангадаг байх албагүй.Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг сонирхдог, нарийн мэргэжилтэй, ажлын дадлага чадвартай ажилтанг авч ажиллуулахад анхаардаг пүүс компаниуд гадаадын иргэдийг урьж ажиллуулдаг. Тэдгээр гадаадын иргэн - АНУ-д Н1В визээр ирдэг. Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэн түрүүлж мэдүүлсэн, 65 мянган хүнд олгогддог энэ ангиллын виз өнгөрөгч онд олгож эхлээд 48 цаг хүрэлгүй дууссан нь түүний эрэлт их байгааг харуулж байна.

Тодорхой мэргэжлийн ажил (Speciality occupation), албан тушаал ( Professional position) эрхлэх нэгнийг АНУ-д түр хугацаагаар авчирах зориулалттай Н1В ангиллын виз мэдүүлэгч наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны, шаардлагатай бол төрөөс итгэмжлэгдсэн түвшний боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.

Мэргэжлийн ажил гэдэгт уран барилга, инженер, математик, физик, нийгмийн шинжлэх ухаан, анагаах, эрүүл мэнд, боловсрол, хууль, нягтлан бодох, бизнесс, холбоо мэдээллийн технологи, урлагийн зэрэг өргөн хүрээний төрөл мэргэжлийн онолын болон практикийн мэдлэг шаардсан ажлууд багтдаг. Энэ ангиллын визтэй ажилчин түүнийг ивээн тэтгэсэн ажил олгогчид л хүчин зүтгэх бөгөөд гэр бүл, 21 нас хүрээгүй хүүхдүүдээ Н4 визээр авчирч дунд сургуульд сургах боломжтой. Ажил солих тохиолдолд тусгай маягтаар өргөдөл гаргаж зөвшөөрөл авдаг.

Асуулт: Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?


Хариулт:
Н-1В ангиллын визээр АНУ-ын компаниудын ажиллах хүчний хэрэгцээг хангахдаа тухайн ажилчны АНУ-д байнга оршин суух хүсэлттэй хамтатгахгүй гэдэг зарчим баримталдаг.

Нэгэнт түр хугацааны виз болохоор АНУ-д оршин суух хугацааг эхний удаа гурван жилээр заадаг, дахин гурван жилээр сунгаж болно.Сунгахын тулд ажил олгогч өргөдөл гаргадаг. Зургаан жилийн дараа тухайн ажилчин дахин Н1В виз мэдүүлэхийн тулд АНУ-аас нэг жилийн хугацаагаар гарч явсан байх шаардлагатай. Гэхдээ нэгэнт виз авсан ажилчинд ажил олгогч нь эхний гурван жилд багтан байнга оршин суух зөвшөөрөл мэдүүлж болно. Байнга оршин суух зөвшөөрөл буюу “ногоон карт” олдоогүй тохиолдолд тухайн ажилчин ногоон карт мэдүүлсэн байхад зургаан жил нь хэтэрсэн ч АНУ-д холбогдох журмын дагуу оршин суух боломжтой.

Ажил олгогч гадаадын мэргэжилтэй ажилчинг ивээн тэтгэхийн тулд Хөдөлмөрийн яамандаа хандаж тухайн албан тушаал, цалингийн хэмжээг дурдсан Ажлын байрны өргөдөл буюу (Labor Condition Application) бүрдүүлж өгдөг, зөвшөөрөгдсөн нөхцөлд АНУ-ын Харьяатын болон Цагаачлалын алба-ХЦА (US Citizenship and Immigration Services)-нд өргөдөл гаргана. Чингэхдээ тухайн албан тушаал наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны мэдлэг боловсрол шаардахыг нотлох шаардлагатай.

Ажилчин өөрийгөө ажил олгогчийн санал болгосон тухайн мэргэжлийн ажилд буюу албан тушаалд тохирч тэнцэнэ гэдгийг нотлохоос гадна их сургууль төгсгөсөн диплом, ажлын дадлага туршлагыг нь илтгэсэн нотолгоог АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр бүрдүүлэх шаардлагатай. Дээд боловсролын диплом, нарийн мэргэжлийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг ихэвчлэн мэргэжлийн холбоодын шугамаар төлбөртэй хийж гүйцэтгэдэг.

Жилд Н1В визийг баклаврын зэрэг бүхий 65 мянган хүнд олгодгоос гадна АНУ-д Мастерийн зэрэг хамгаалсан хүмүүст нэмж 20 мянган ширхэг виз олгодог, их сургууль, коллежуудад ажиллах хүмүүс дээрх тоонд хамрагддаггүй.

Мэргэжлийн дипломыг зөвшөөрүүлэх, ажлын байрны тодорхойлолт үйлдэх, үнэлгээ хийх, бичиг баримтуудыг орчуулах, өргөдөл гаргах ажлыг оны эхнээс хийж эхлэхэд багагүй хугацаа шаардагддаг тул тэдгээрийг эцсийн байдлаар эмхлэн бүрдүүлж шуудангаар 4 дүгээр сарын 1 гэхэд илгээхэд бэлэн болгосон байх шаардлагатай.

Н-1В виз хүссэн өргөдлийг ажлын байрны нэр, гүйцэтгэх үүрэг, олгох цалин, ажлын шаардлага, боловсролын шалгуур, компаны санхүүгийн боломж зэрэг хөдөлмөрийн нөхцлийг нягтлан шалгасны дараа тухайн хүний ажиллах нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу ХЦА-ны бүсийн үйлчилгээний төвд гаргана.

Өмгөөлөгч шаардлагатай тохиолдолд G-28, I-129 маягтаас гадна Н нэмэлт болон шинэчилсэн I-129 W маягт бөглөнө. Хураамжийн 130 ам. доллараас гадна ажил олгогч 1000 ам. доллар төлсөн баримтыг хавсаргадаг бөгөөд бизнесийн болон эрхлэх ажлын шинж чанар, тухайн ажлын мэргэжил шаардах онцлог, боловсролын байдлыг тодорхойлж, баримтаар нотолгсон ажил олгогчийн захиаг хавсаргана.

ХЦА мэргэжил шаардах ажлын жагсаалт гаргадаг боловч Холбооны шүүх. мэргэжил шаардах ажлыг урьдчилан хуульчлан тогтоох боломжгүй гэж үзсэн учир энэ жагсаалтыг явцуу гэж шүүмжилдэг .

Ажил олгогчоос гаргасан ажлын байрны тодорхойлолт, тайлбар шийдвэрлэх үүрэгтэй. Н-1В визээр ажиллуулах мэргэжилтний тоог тогтоодог ч тухайн жилд шаардлагатай мэргэжилтний тухай мэдээллийг Холбооны бүртгэл (Federal Register)-ээр мэдээлдэг.

ХЦА Хөдөлмөрийн департаментаас гаргадаг Ажил мэргэжлийн нэрийн толь бичиг (Dictionary of Occupational Titles), бусад код, жагсаалтыг өргөн ашигладаг. Ажил олгогч эдгээрийг Хөдөлмөрийн департаментын вэб.хуудаснаас үзэж болно.

ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Г.Ганболд

Злын хотын Монголчуудын 2008 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн