Вэблэсэн: 2008 / 5 / 31
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын (УНДЕГ) дарга С.Эрдэнэ уржигдар албан ажлаа хүлээлгэн өгсөн тухайгаа мэдээллээ. Учир нь тэрбээр УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвших гэж байгаа аж.
С.Эрдэнэ дарга УНДЕГ-ыг удирдаж байх хугацаандаа хийж амжуулсан ажлынхаа тайланг тавьж байлаа. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ буцаан авч байгаа. Энэ ажлын явц ямар байна вэ?
-БНСУ-д гэрээгээр ажиллаж, амьдарч байх хугацаандаа тус улсын Үндэсний тэтгэврийн алба (ҮТА)-нд шимтгэл төлж байсан иргэдийн шимтгэлийн мөнгийг буцаан олгох шийдвэр өнгөрсөн оны тавдугаар сард гарсан. Энэ ажилд манай байгууллага үндэсний зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. ҮТА-аас мэдээлсэн шимтгэл буцаан авах эрхтэй 12363 иргэний тэтгэврийн шимтгэлийн 14 гаруй тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг тэдэнд хүргүүлдэг. Энэ сарын 15-ны байдлаар 2050 хүнд нийт гурван тэрбум төгрөгийг олгоод байна.
-Бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд, мөнгөө хүлээж байгаа хүмүүс бий байх. Тэр хүмүүсийн мөнгийг хэзээ өгч дуусгах вэ?
-Манайх 200-300 хүний бичиг баримтыг багцлаад ҮТА-нд хүргүүлдэг. Тэр байгууллага нь бичиг баримтыг сарын дотор хянаж, мөнгийг нь явуулах шийдвэр гаргадаг. Одоогийн байдлаар манай байгууллагад 400 шахам хүний бичиг баримт бий. Энэ онд нийт иргэний 60 гаруй хувьд нь мөнгө олгочих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх жил гэхэд дуусгах байх. Иргэдийн бичиг баримт цуглуулахад бэрхшээл их байдаг л даа.
-Тухайлбал?
-Тэтгэврийн шимтгэлээ буцаан авах эрх бүхий иргэдийн 50 гаруй хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Тухайлбал, мөнгө авах хүн Англид байлаа гэхэд Элчин сайдын яамаараа дамжуулан итгэмжлэхээ энд байгаа хамаатан садан руугаа явуулах ёстой. Харин мөнгө нь онлайн банкаар өөрт нь очно. Энэ хооронд цаг хугацаа их зарцуулдаг.
-Мөнгөө авсан хүмүүс Монголд нийгмийн даатгалд хамрагдах ёстой юу?
-ҮТА-нд шимтгэл төлсөн хугацаагаараа Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой. Солонгост ажилласан жилийнхээ хугацаагаар даатгал төлснөөр ажилласан жил нь нэмэгдэнэ гэсэн үг. Солонгост ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа иргэдийн нийт 593.2 сая төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүллээ.
-БНСУ-аас өөр улс оронд ажиллаж, амьдарч байсан иргэд даатгалын мөнгөө буцаан авах боломж бий юу?
-Гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэд тэтгэврийн албанд л шимтгэл төлдөг. Сүүлийн гурван жилд 80 гаруй мянган монгол хүн гадаад улс орнуудад амьдарч байгаа судалгаа бий. Бид АНУ, Англи, ХБНГУ, Чех, Польш, Умард Ирланд зэрэг улсуудын тэтгэвэр, нийгмийн үйлчилгээ хариуцсан байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж эхлээд байна. Тухайлбал, Чех, Унгар улсуудтай хоёр талын Засгийн газар нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл хангагдсан. Ирэх сард гэрээ бараг батлагдах байх. Тэгвэл дээрх орнуудад ажиллаж, амьдарч байсан иргэд шимтгэлийн мөнгөө буцаан авах боломжтой болох юм. Мөн Англи, Ирланд улсын Засгийн газруудтай хамтран ажиллах гэрээний эхлэл тавигдаад байна.